/ / “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

“ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

  Экологийн цагдаагийн албанаас байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг эхлүүллээ.

  Энэхүү аяныг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах юм. Аяны нээлт өнөөдөр /2023.04.15/ Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар эхэлсэн бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, их, дээд сургуулийн оюутан залуусын төлөөлөл оролцож, “Их тэнгэрийн ам”-аас “Скай ресорт” хүртэл унадаг дугуйн парад зохион байгууллаа.

  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд их онцлогтой зохион байгуулж байна. Энэ нь “Хүн бүр байгаль хамгаалагч” болж үр хүүхэд хойч үедээ илүү сайхан ногоон ирээдүйг үлдээхийг зорьж байна” хэмээсэн юм.

  Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав болон холбогдох албаны хүмүүс оролцов.

 

  Ийнхүү нээлтийн арга хэмжээнд оролцогчид Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна