/ / Мэндчилгээ

Мэндчилгээ

 

   Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 111, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэндийг тус албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн удирдлага, ажилтан, алба хаагчдад болон Та бүхний гэр бүл, төрөл төрөгсдөд Экологийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

    Тус алба нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдаж, Дүн шинжилгээ, хяналт шалгалтын, Захиргааны удирдлагын, Эрүүгийн цагдаагийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах, Эргүүл, хяналт шалгалтын гэсэн 7 хэлтэс, 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

   Өнгөрсөн хугацаанд бид албаны хэмжээнд “Экологийн тэнцлийг хангах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд төр, иргэн, олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр мэргэшсэн үйл ажиллагаа явуулах” эрхэм зорилго болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа.

      Биднийг хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг туслалцаа чухал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

   Иргэн бүрийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн үндэсний өв уламжлалыг шинжлэх ухаан, инновац, технологийн ололтод тулгуурлан бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг боловсруулан хэрэгжүүлсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монголын сайтуудын холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн эвлэл, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс тус тус сайшааж, “Талархал”, “Хүндэт өргөмжлөл”, “Unread awards”-ын 2020 оны “Шилдэг санаачилга”, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны нэрэмжит “Алтан сарнай” наадмын “Нийгмийн эерэг нөлөөллийн шилдэг төсөл”-өөр шалгарсан нь цаг үеэ олсон, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн, нийтийн дэмжлэг авсан, нийгмийн захиалгат ажил, арга хэмжээ болсныг илтгэн харуулж байна.

    Цаашид бид бүхэн гаргасан амжилтуудаа бататган, нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, ажил, үйлчилгээгээ хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж, нээлттэй, ил тод, сахилга, хариуцлагатай ажиллах болно.

       Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай.

                                             

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА,
 ЦАГДААГИЙН ХУРАНДАА М.БАТСАЙХАН

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна