/ / Ю.ДЭМБЭРЭЛСАЙХАН: Нийт 11 албан тушаалтныг хууль бус модны хэргээр шалгаж байна

Ю.ДЭМБЭРЭЛСАЙХАН: Нийт 11 албан тушаалтныг хууль бус модны хэргээр шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны гэмт хэргийн нөхцөл байдал, улирлын чанартай үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан “Улсын хэмжээнд 601 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2022 оны хоёрдугаар сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шижтэй 444 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 70 буюу 18.7 хувиар, гэмт хэрэг 132 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 23 буюу 21.1 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна. Мөн  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 2021 онд 314 бүртгэгдэж өнгөрсөн оны  мөн үеэс  52 буюу 19.5 хувиар буурч хэргийн илрүүлэлт 2.1 хувиар өссөн.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй холбоотойгоор тус албанаас хэргийг шалгах явцад ойн ангийн дарга дөрөв, инженер хоёр, улсын байцаагч гурав, сумын засаг дарга болон сумын тамгын газрын дарга тус бүр нэг, нийт 11 албан хаагч эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр холбогдон шалгаснаас хоёр хэргийн авлигатай тэмцэх газар шилжүүлж бусад хэрэгт тус албанаас мөрдөн шалгах ажил явуулж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 2021 онд 175 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 48 буюу 21.4 хувиар буурч хэргийн илрүүлэлт 5.1 хувиар өссөн мэдээтэй байна. Хууль бусаар олборлосон 8.7 килограмм алт, 21300 тонн жонш хураан авч хууль бус үйл ажиллагаандаа ашигласан экскаватор 42, ковш 17, хүнд даацын ачааны машин 23, алт угаах төхөөрөмж  23 нийт 103 механизм болон тээврийн хэрэгсэл битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

Эх сурвалж: Ergelt.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна