/ / ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр                                                                   Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ, ЗАРЧИМ

1.1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
1.2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.
3.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.
4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.
5.Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.
1.3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.
1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.1."анхан шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг;
1.2."бусад газар" гэж хүн, хуулийн этгээдийн орон байрнаас бусад өмчлөл, эзэмшлийн байр, байгууламж, бусад обьектыг;
1.3."бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;
1.4."гэр бүлийн гишүүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;
1.5."томилогдсон өмгөөлөгч" гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг;
1.6."давж заалдах шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг;
1.7."даруй" гэж боломжит богино хугацааг;
1.8."мөрдөгч" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;
1.9."мөрдөн шалгах ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг;
1.10."мөрдөн шалгах нууц ажиллагаа" гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг;
1.11."мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга" гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нэгжийн даргыг;
1.12."мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага" гэж энэ хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар заасан байгууллагыг;
1.13."оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;
1.14."орон байр" гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн Тайлбарт заасныг;
1.15."орчуулагч" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг;
1.16."өмгөөлөх тал" гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;
1.17."өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч" гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг;
1.18."прокурор" гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг;
1.19."садангийн хүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасныг;
1.20."талууд" гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг;
1.21."тусгай мэдлэг" гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг;
1.22."төрлийн хүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д заасныг;
1.23."үндэслэл бүхий сэжиг" гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаархи мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг;
1.24."үр хүүхэд" гэж төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг;
1.25."хангалттай үндэслэл" гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг;
1.26."хойшлуулшгүй тохиолдол" гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг;
1.27."хяналтын шатны шүүх" гэж Улсын дээд шүүхийг;
1.28."хэлмэрч" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг;
1.29."шинжээч" гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг;
1.30."шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг;
1.31."шүүгч" гэж бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг;
1.32."шүүхийн иргэдийн төлөөлөгч" гэж шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэнийг;
1.33.“шүүхийн шийдвэр” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.34."прокурорын шийдвэр" гэж Прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг;
1.35."мөрдөгчийн шийдвэр" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн гаргах тогтоолыг;
1.36."эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;
1.37."яллах тал" гэж прокурорыг.
1.5 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол
1.Дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:
1.1.гэмт хэргийн шинжгүй;
1.2.гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
1.3.яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/;
1.4.тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа;
1.5.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон.
2.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.
3.Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх ба уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
1.6 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх
1.Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
3.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.
4.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Улсын ерөнхий прокурорт энэ талаар санал гаргах ба Улсын ерөнхий прокурор уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах журам нь энэ хуулийн зарчим, агуулгад нийцсэн байна.
6.Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно.
1.7 дугаар зүйл.Хэргийн бодит байдлыг тогтоох
1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
3.Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.
4.Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.
1.8 дугаар зүйл.Хүний халдашгүй байх эрхийг хангах
1.Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.
2.Хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана.
3.Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.
1.9 дүгээр зүйл.Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.
2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно.
1.10 дугаар зүйл.Орон байрны халдашгүй байдлыг хангах
1.Орон байр халдашгүй байна.
2.Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.
1.11 дүгээр зүйл.Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хамгаалах
1.Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.
1.12 дугаар зүйл.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх
1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
1.13 дугаар зүйл.Шүүхэд хандах
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.
1.14 дүгээр зүйл.Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах
1.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
2.Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.
1.15 дугаар зүйл.Гэм буруугүйд тооцох
1.Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.
2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

Хуулийг бүтнээр нь харах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна