/ / ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр                                        Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/

ЕРӨНХИЙ АНГИ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим
1.Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
3.Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.
5.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.
1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим
1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.
3.Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.
1.4 дүгээр зүйл.Гэм буруугийн зарчим
1.Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
/3 дахь хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар 3, 4 дэх хэсэг болгон өөрчлөн найруулсан/
1.5 дугаар зүйл.Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Энэ хуульд заасан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.6 дугаар зүйл.Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх
1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний үйлдсэн гэмт хэрэгт нь гадаад улсад ял оногдуулсан бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ялыг энэ хуулийн дагуу хөнгөрүүлж, чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн хүнийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож болно.
3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн алба хаагчид энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.7 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх
1.Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй.
2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаггүй харьяалалгүй хүнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял эдлүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгч болно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй.
1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа
1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.
3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.
1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх
1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
3.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.
1.10 дугаар зүйл.Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа
1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1.4.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг арван хоёр жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1.5.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.
4.Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.
5.Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хуулийг бүтнээр нь харах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Trina:
58.253.210.122
We wish to thank you once more for the gorgeous ideas you offered Jeremy when preparing her own post-graduate research and, most importantly, regarding providing every one of the ideas in one blog post. Provided we had been aware of your web page a year ago, i'd have been kept from the useless measures we were choosing. Thank you very much. toys for adults
2024-01-02 13:28:45
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна