/ / Ю.Дэмбэрэлсайхан: Их хэмжээний жонш хилээр нэвтрүүлсэн хэрэгт албан тушаалтнууд холбогдсон

Ю.Дэмбэрэлсайхан: Их хэмжээний жонш хилээр нэвтрүүлсэн хэрэгт албан тушаалтнууд холбогдсон

-Энэ жил хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдсэн үү. Сүүлийн байдлаар гэмт хэргийн гаралт, хохирлын хэмжээ ямар байгаа вэ?
-Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний 10 сард нийт 480 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 385 иргэн, долоон хуулийн этгээдэд 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 399 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилж, хохирол нөхөн төлүүлэлт өнгөрсөн жилээс 35.7 хувиар өсчээ.
-Хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрчимжиж байгаа гэж ойлгож байна. Эдгээр гэмт хэргийн гаралт ямар байгаа болон хохирол барагдуулах, нөхөн сэргээлт хийлгэх ажил хэр үр дүнд хүрсэн бэ?
-Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг энэ оны эхний 10 сарын байдлаар 236 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 150 бүртгэгдэж 31.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн гаралт өсч, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг буурсан дүн мэдээ гарсан нь үндсэн хоёр шалтгаантай гэж үзэж байгаа.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор энэ онд улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээг 45 хоногийн хугацаатай зохион байгуулж, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч гээд нийт 330 алба хаагчийг хамруулан 39 удаагийн эргүүл, хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлэн шалгаж, хариуцлага хүлээлгэсэн.
Өөрөөр хэлбэл хяналт шалгалтыг идэвхжүүлснээр гэмт хэргийн тоо өссөн гэсэн үг. Харин хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг хамгийн ихээр бүртгэгддэг найман аймгийн 11 газарт хяналтын цэгийг гаргаж 200 гаруй хоног ажилласнаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг буурсан эерэг үр дүн гарсан. Мэдээж энэ ажил, арга хэмжээг зохион байгуулахад тэдгээр найман аймгийн Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар, иргэдийн санал, санаачилга, туслалцаа их байсан. Мөн дээрх хяналтад авсан газруудад шинээр нэмж газар шороогоо ухуулаагүй, зарим эвдэгдэж орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг хийлгүүлж, хууль бус олборлолт явуулж байсан техник хэрэгслийг талбайгаас гаргуулснаар байгаль дэлхий сэргэж, гол ус урсаж байгаа талаар нутгийн иргэд ярьж хэлж байгаа нь сайшаалтай юм.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсантай холбогдуулан “Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, уул уурхайн олборлолтын улмаас 6752.5 га эвдэгдэж орхигдсоныг тогтоогоод байна. Улмаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон дүйцүүлэн хамгаалах байдлаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт хийлгэсэн.
-Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд буюу нинжа нарын асуудал дийлдэхээ больсон гэж бас хүмүүс ярих юм. Нинжа нарт хариуцлага тооцох, гэмт хэрэгтнийг олох ямар аргууд хэрэглэдэг вэ?
-Өнгөрсөн онд 13 аймгийн нутаг дэвсгэрийн ашигт малтмалын илэрц бүхий газарт 58 удаагийн үйлдлээр 18 мянга орчим иргэд дайрч, гар аргаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж эрүү, хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлж байсан. Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоож, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан.
Урьд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй бөгөөд нинжа гэж нэрлэгдсэн гар аргаар ашигт малтмал олборлодог хүмүүст ял шийтгэл оногдуулсан нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм гэдгийг иргэдэд ойлгуулж, ухамсарлуулж өгсөн гэж бодож байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, ажилгүйдэл, ядуурал, амар хялбар аргаар ашиг орлого олох гэсэн ухвар мөчид бодол зэрэг нөлөөлж байгаа.
Тухайлбал, цахим хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зорилгоор “Маш их алт гарч байна”, “Олон сая төгрөгийн ашиг хийлээ” гэх мэт худал мэдээлэл тарааснаар тухайн газар иргэд олноор цугларч эрүү, хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлэх, өөрсдөө эд хөрөнгөөрөө хохирох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, улмаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, байгаль дэлхийгээ сүйтгэх явдал гардаг. Сүүлийн үед иргэдийн эрх зүйн боловсрол дээшилж, үнэн худал мэдээллийг ялгаж, гар аргаар ашигт малтмал олборлож, амар хялбар аргаар их ашиг орлого олдог нь худал юм байна, ингэснээрээ эд хөрөнгөөрөө хохирдог юм байна гэдгийг ойлгосон нь бидний явуулж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж бодож байна.
-Ашигт малтмалын үйл ажиллагааг хууль бусаар явуулах нь өөрөө бусад хүнд гэмт хэргийн шалтгаан ч болдог. Хууль бусаар алт олборлоод нэгнийгээ гэмтээх, амь насыг нь хохироох ч тохиолдол гардаг шүү дээ. Энэ төрлийн асуудлаас үүдсэн ноцтой гэмт хэрэг 2021 оны байдлаар хэд гарсан бэ?
-Өмнөговь аймгийн Номгон сумын “Элстэй”, Сэврэй сумын “Нурууны ар”, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Төмстийн сэрвээ” гэх газруудад 2020 онд гар аргаар ашигт малтмал олборлохоор иргэд олноор цугларч, үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн биед нь халдсан гурван үйлдэл гарсан. Үүнд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээс торгуулийн ял оногдуулж, хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Энэ онд хяналтын пост байгуулж ажилласнаар гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдээс цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй. Харин хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэд нь ашигт малтмалын илэрц бүхий газар, цооног, нүхээ булаацалдах, нутаг, ус, жалга довын ялгаа гарган маргалдах, архидан согтуурах, нэгнийхээ эрүүл мэндэд халдах, цаашлаад амь насыг хохироох тохиолдол гардаг. Жишээ нь, энэ онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой цугларсан иргэд хоорондоо маргалдаж техник, хэрэгсэл, хутга мэс ашиглаж нэгнийхнээ биед гэмтэл учруулсан хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
-Энэ жилээс гар аргаар ашигт малтмал олборлогчдод Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болсныг та хэллээ. Ер нь ямар шийтгэл ногдуулж байгаа вэ. Хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үү?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд иргэнийг таван сая дөрвөн зуун мянгаас хорин долоон сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах, хорин саяас нэг зуун хорих сая хүртэлх төгрөгөөр торгох ял шийтгэх”-ээр заасан байдаг. Дээрх гэмт хэрэг нь байгаль орчинд нөхөж баршгүй их хэмжээний хохирол учруулдаг.
Гэмт хэргийг үйлдэхдээ хүн, техник хэрэгсэл очиход бартаатай, шавар, намаг их, уул, ойн сангаар халхлагдсан газарт явуулдаг бөгөөд том оврын техник, хэрэгсэл ашигладаг, тодорхой хэмжээний зардал гаргадаг, зарим тохиолдолд албан тушаалтнууд оролцдог онцлогтой. Судалгаанаас харахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа иргэд нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслээ өөр хүний нэр дээр шилжүүлсэн, түрээсийн гэрээ байгуулсан зэргээс болж шүүхээс улсын орлого болгож, хохирол нөхөн төлүүлэхэд хүндрэл учирдаг. Мөн техник хэрэгсэл нь улсын дугаар, бичиг баримтгүй, хадгалах байранд хүргэх, ачиж зөөвөрлөх боломжгүйгээс хууль бус үйл ажиллагаа явуулж байсан талбайд нь түр хураан авч лацдаж, битүүмжилдэг боловч тухайн этгээдүүд гэмт үйлдэлдээ дахин ашиглах, нуух, зөөвөрлөх, устгах тохиолдол гардаг.
Дээрх тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг ялгамжтай байдлаар хэрэглэх буюу хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын эзэмшилд байгаагаас үл хамааран хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах гэж өөрчлөн хуульд тусгуулах саналыг боловсруулан холбогдох газарт хүргүүлсэн. Энэхүү санал батлагдвал хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил илт буурах, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, иргэд өөрсдийн эзэмшлийн том оврын техник хэрэгслийг хууль бус үйл ажиллагаанд ашиглуулахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
-Орон нутгийн иргэд гэхэд хэрэглээний түлшний модоо уулнаас бэлтгэдэг шүү дээ. Тэгэхээр мод яаж бэлтгэсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх вэ?
-Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хуульчлахдаа “Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” бол гэж зааж өгсөн нь тухайн мод хортон шавжид идэгдэж ургах чадваргүй болсон, хуурай, унанги, нойтон эсэхээс үл хамаарч холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй бэлтгэсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцогдон шалгагдахаар зааж өгсөн байгаа. Хүйтний улиралд иргэд уламжлалт сэтгэлгээгээрээ уулнаас хуурай модыг түлш, түлээний зориулалтаар бэлтгэж хэрэглэхдээ холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авалгүй хөрөөдөж авснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогддог. Иймээс ард иргэддээ түлшний зориулалтаар мод бэлтгэж, хэрэглэхдээ орон нутгийнхаа Ойн ангиас зөвшөөрөл авч, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу эрхийн бичиг буюу бидний хэлж заншсанаар гоожингийн төлбөрөө төлсний дараа мод бэлтгэх хэрэгтэй.
-Хууль бусаар мод бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцохдоо үзлэг шалгалтыг хэрхэн явуулдаг вэ. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг уу?
-Гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хууль бусаар бэлтгэсэн модыг их бага гэлтгүй хэмжиж, тайрагдсан модны хожуул тус бүрийг нэг бүрчлэн тоолж, үзлэг шалгалтыг хийнэ. Үзлэг шалгалтын үндсэн дээр холбогдох мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулан, ойн санд учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн төлүүлж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан техник, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 33/А/63 дугаар тушаалаар “Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам” батлагдаж, мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг хангаж, урамшуулал олгох нөхцөл бололцоогоор хангагдсан. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад өгч, хамтран ажиллахыг уриалж байна.
-Сүүлийн үеийн мэдээллээр хүрээлэн буй орчны эсрэг нийт гэмт хэргүүдээс анхаарал татаж байгаа гэмт хэргүүд юу байна вэ?
-Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 104.7 сая ам.долларын үнэ бүхий 484.2 мянган тонн жонш улсын хилээр нэвтрүүлсэн. Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийх, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох халхавчаар их хэмжээний жонш хууль бусаар олборлож, ченж болон баяжуулах үйлдвэрүүдээр дамжуулан улсын хилээр нэвтрүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ онд тус албанаас дөрвөн удаагийн хяналт шалгалт явуулж 18 хууль бус үйлдлийг илрүүлэн, 2558 тонн жонш хураан авч, хууль бус үйл ажиллагаанд оролцсон эрх бүхий албан тушаалтнуудын таван үйлдлийг тогтоон, нэг хэрэг бүртгэлтийн хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн.
-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухайд иргэд болон төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн яаж анхаарах ёстой бол?
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил нь зөвхөн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулснаар Байгаль орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй. Тэгэхээр иргэд, олон нийт, бүх шатны шийдвэр гаргагчдын экологийн боловсролыг дээшлүүлж, бүх нийтийн дэмжлэгийг авахгүйгээр хүлээсэн үүрэг, нийгмийн захиалга, хүлээлтийг богино хугацаанд хангах боломжгүй юм.
Иймд иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор нөлөөллийн аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь давхардсан тоогоор 126 орчим сая хүнд хүрсэн. Арга хэмжээний хүрээнд нөлөөллийн постер 285, видео шторк 177, телевиз, радиогийн ярилцлага 91, сонин, сайтын ярилцлага 97, үүрэн телефоны зорилтот мессеж 42 сая хэрэглэгчдэд таван удаа, сэрэмжлүүлэг хуудас 85 мянган ширхгийг тус тус бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэн ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн. Иргэн бүр байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд эзэн нь байж үр хойчдоо зөв дадал, хандлагыг хэвшүүлэх нь өөрийн үүрэг гэдгийг ойлговол байгаль, эх дэлхий маань ч унаган төрхөөрөө үлдэнэ шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна