/ / БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗАЖ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗАЖ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, мөн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан, мөн хэлтсийн 1-р тасгийн дарга, цагдаагийн хошууч Я.Билэгдэмбэрэл нар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Буяннэмэх нартай уулзаж, тус албаны хамтын ажиллагаа, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажил, арга хэмжээгээ танилцуулж, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар санал, мэдээлэл солилцов.

Уулзалтаар Экологийн цагдаагийн албаны зүгээс чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын 2020 оны 167, А/698, А/336, А/242 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээний явц, үр дүн, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, хууль бусаар мод бэлтгэх, ан агнах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлын үр дүн, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/113 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/110 дугаар тушаалаар энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 225 хоногийн хугацаанд 8 аймгийн 11 газарт түр ажиллагаатай хяналтын цэг /пост/ байгуулсан ажлын явц, үр дүн,

Иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулан цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар 3 чиглэлийн 8 төрлийн саналыг танилцуулж, мэдээлэл солилцов.

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж тус албанаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нөхөн сэргээлтийг хийлгүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, самрын нөөцийг зөв тогтоох чиглэлд анхааран ажиллаж, зарим орон нутагт хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан, үр дүнг тооцох хэрэгтэй байгаа талаар саналаа хэллээ.

Мөн уулзалтын үеэр БОАЖЯ-ны газрын дарга нар “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрээр 2000 га, “Оюу толгой” ХХК-иар 340 га талбайд нөхөн сэргээлт хийлгүүлж, энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр газар нь очиж, талбайг хүлээлгэн өгч гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өглөө. Ингээд уулзалтын төгсгөлд БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба жил бүр хамтран ажиллах төлөвлөгөөг гарган батлуулж, хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/mne.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна