/ / ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ

Экологийн цагдаагийн албанаас зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд 2020 онд 173, энэ оны эхний 10 сарын байдлаар 251 нийт 424 зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 133 зөрчилд 13.300.000 төгрөгний шийтгэлийг оногдуулж, 6 зөрчлийг хүлээн авахаас татгалзаж, бусад зөрчлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
2021 оны эхний 10 сарын байдлаар нийт бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 зөрчлөөр буюу 49.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах зөрчлийн илрүүлэлт ахисан үр дүн гарсан байна.
Зөрчлийн улмаас тарвага 73, чоно 18 ширхэг, цагаан загас 120 кг, шувуу 4, бусад амьтны гаралтай түүхий эд 8 ширхэг, байгалийн өнгөт чулуу 233 кг тус тус хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 42,000,000 сая төгрөгийн хохирлыг учруулсан байна.

Нийт бүртгэгдсэн зөрчлүүдээс Амьтны, Усны, Ойн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын, Газрын хэвлийн, Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлүүд ихээр үйлдэгдэж бүртгэгддэг бөгөөд дийлэнх хувийг тарвага болон бусад агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, агнасан, тээвэрлэсэн, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан, усны сан бүхий газарт машин техник бохир зүйл угаасан зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олборлолт, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 99 аж ахуйн нэгжийн олборлолт, ашиглалтаас үүсч эвдэгдсэн нийт 2412,07 га талбайг тоолж, 184,67 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг холбогдох байгууллагаар 490,441,500 төгрөгийн хөрөнгөөр хийлгүүлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад нийслэлд нөхөн сэргээлт хийсэн талбай 2 дахин өссөн бөгөөд зарим аж ахуй нэгжүүдийн олборлолтын талбай нь суурьшлын бүсэд орж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа асуудал гарсаар байна.
Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сул байгаагаас голын эх ундарга, уул толгодын жалга, гуу зэрэг газруудын хэвлийд иргэд дур зоргоороо, зөвшөөрөлгүйгээр халдаж, түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга, шаварыг ухаж олборлон худалддаг, гол, горхи, усны сан бүхий газруудад хог хаягдал хаях, машин, техник бохир зүйл угаадаг, олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох, бусдад өөрийн авласан ангаа харуулж гайхуулах, амьтныг агнах, тээвэрлэх, эд эрхнийг нь худалдсан, худалдсан авсан мэдээллийг ихээр нийтэлж оруулж байгаа нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар амьтан бүрээр экологи эдийн засгийн үнэлгээг зааж өгсөн байдаг. Жишээ нь 1 ширхэг тарваганы үнэлгээг эр, эмээс хамааруулан 170.000-200.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн байдлаар хохирлыг тогтоодог. Иймд зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг тээвэрлэсэн, агнасан, худалдсан, худалдан авсан, хадгалсан тохиолдолд экологи эдийн үнэлгээг тогтоож, хохирол нөхөн төлбөрийг гаргуулан хуульд заасан шийтгэлийг давхар оногдуулж шийдвэрлэдэг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна