/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр                                              Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Цагдаагийн албаны хууль тогтоомж

2.1.Цагдаагийн албаны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."гэмт хэрэгтэй тэмцэх" гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг;

3.1.2."нийтийн хэв журам хамгаалах" гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг;

3.1.3."олон нийтийн аюулгүй байдлыг хангах" гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг;

3.1.4."үндэслэл бүхий сэжиг" гэж цагдаагийн алба хаагч өөрт ил болсон тодорхой үйл явдал, мэдээ баримт, тухайн нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшин, сэжигтэй хүн, хуулийн этгээдийн байдал, үйл ажиллагаа зэргийг үнэлэн энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэх дүгнэлтэд хүрэх нөхцөл байдлыг;

3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж цагдаагийн алба хаагчийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн болон дагавар, үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач, зээг;

3.1.6."биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг.

4 дүгээр зүйл. Цагдаагийн алба

4.1.Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.

5 дугаар зүйл. Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчим

5.1.Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална.

5.2.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараахь байдлаар хэрэгжинэ:

5.2.1.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх;

5.2.2.хуульд нийцсэн шийдвэрийг зохих ёсоор биелүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан хариуцах;

5.2.3.цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны өмнө ажлаа хариуцан тайлагнах;

5.2.4.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан нь доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

5.2.5.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан нь доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх.

5.3.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд нийцсэн байна.

5.4.Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй.

5.5.Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

5.6.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг зөвхөн хуулиар тогтооно.

6 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тогтолцоо

6.1.Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ.

6.2.Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтооно.

6.3.Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж нь хариуцсан чиг үүргийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

6.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

6.5.Цагдаагийн байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх төрөлжсөн болон үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөх, гүйцэтгэх ажил явуулах албатай байна.

6.6.Цагдаагийн байгууллага харьяандаа чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэшсэн нэгж, мэдээлэл нэгтгэн боловсруулах, судалгаа, сургалт дадлагын, албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори болон инженер техник, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, хангалт, спорт, соён гэгээрүүлэх, мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан нэгжтэй байж болно.

6.7.Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл, бусад онцлогийг харгалзан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны болон автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээний жишиг нормативыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага

7.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга батална.

7.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

8 дугаар зүйл. Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэг

8.1.Цагдаагийн алба туг, бэлгэ тэмдэгтэй байна.

8.2.Цагдаагийн албаны бэлгэ тэмдэг, тугны загвар болон туг, бэлгэ тэмдгийг хэрэглэх журмыг Засгийн газар батална.

8.3.Иргэн, хуулийн этгээд цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдэг хэрэглэхийг хориглоно.

9 дүгээр зүйл. Цагдаагийн тангараг

9.1.Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: "Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөнө.

9.2.Цагдаагийн алба хаагчийн тангараг анх болон давтан өргөх ёслолын журмыг Засгийн газар батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

10 дугаар зүйл. Гэмт хэрэгтэй тэмцэх

10.1.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах;

10.1.2.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх;

10.1.3.гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах;

10.1.4.хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;

10.1.5.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах;

10.1.6.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагатай хамтран ажиллах;

10.1.7.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэмт хэрэг үйлдсэнд сэрдэгдсэн хүнийг эрэн сурвалжлах, баривчлах;

10.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах;

10.1.9.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

10.1.10.гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах;

10.1.11.гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажилд мэргэжлийн байгууллага, мэргэжилтний туслалцаа авах, татан оролцуулах.

10.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 10.1.5, 10.1.6-д заасан ажиллагаа явуулахад шаардлагатай тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, тусгай техник, арга хэрэгсэл ашиглах, халхавчийн байгууллага, нууц гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтныг ажиллуулна.

11 дүгээр зүйл. Нийтийн хэв журам хамгаалах

11.1.Цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх, байгууллага, алба хаагчийг мэдээллээр хангах;

11.1.2.гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийх, байнгын болон түр ажиллагаатай хянаж-нэвтрүүлэх цэг ажиллуулах дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, бусад арга, техник хэрэгсэл ашиглан хяналт тавих;

11.1.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

11.1.4.насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

11.1.5.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

11.1.6.гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

11.1.7.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах;

11.1.8.олон нийтийн цагдааг мэргэжил, арга зүйгээр хангах.

11.2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээ, мэдээллийг төлбөртэй авч болно.

12 дугаар зүйл. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах

12.1.Цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бүх талын арга хэмжээ авах;

12.1.2.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх;

12.1.3.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх;

12.1.4.дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах;

12.1.5.шаардлагатай тохиолдолд улсын онц чухал болон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьект, ачаа тээшийг түр хугацаагаар хамгаалах;

12.1.6.төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх;

12.1.7.нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үеийн хамгаалалт хийх;

12.1.8.яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хуяглан хүргэх.

12.2.Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалтыг Засгийн газар батална.

13 дугаар зүйл. Захиргааны хяналт тавих

13.1.Цагдаагийн байгууллага захиргааны хяналтын чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуулах, мансууруулах бодис болон галт зэвсэг, сум хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

13.1.2.иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах болон галт зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх журмын биелэлтэд хяналт тавих;

13.1.3.зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч болон зөрчлийн тоо бүртгэл хөтлөх;

13.1.4.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;

13.1.5.эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар сураггүй алга болсон хүн, гээгдэл эд хөрөнгийг эрэн сурвалжлах, хэн болох нь тогтоогдоогүй цогцсыг таниулах ажиллагаа явуулах;

13.1.6.гээгдэл эд хөрөнгө, мөнгийг бүртгэх, шаардлагатай бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

13.1.7.жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх;

13.1.8.хуульд заасан бусад.

13.2.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан захиргааны хяналтын үүрэг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдэлнэ.

14 дүгээр зүйл. Цагдаагийн төв байгууллагын үүрэг

14.1.Цагдаагийн төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:

14.1.1.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн талаар санал боловсруулах;

14.1.2.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

14.1.3.цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах;

14.1.4.цагдаагийн албаны үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах, нийтийн эзэмшлийн газарт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад хяналтын систем нэвтрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

14.2.Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:

14.2.1.гэмт хэрэг үйлдсэн газраас ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх, адилтгал хийх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

14.2.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах аргачлал, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх;

14.2.3.энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

14.2.4.гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшин, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл боловсруулах, цагдаагийн байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

14.2.5.олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн байгууллагыг хангах;

14.2.6.энэ хуулийн 10.1, 13.1.4, 13.1.5-д заасан үүргийн биелэлтийг хангах.

14.3.Цагдаагийн төв байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:

14.3.1.эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны төлөвлөгөө, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

14.3.2.олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах;

14.3.3.гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

14.3.4.зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмжийг хуульд нийцүүлэн боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

14.3.5.нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

14.3.6.энэ хуулийн 11.1, 13.1.2, 13.1.3, 13.1.6, 13.1.7, 13.1.8-д заасан үүргийн биелэлтийг хангах.

14.4.Цагдаагийн төв байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:

14.4.1.энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

14.4.2.хуульд заасны дагуу алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;

14.4.3.энэ хуулийн 13.1.8-д заасан үүргийн биелэлтэд хяналт тавих.

14.5.Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 14.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тэдгээрт холбогдох хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангана.

14.6.Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна.

15 дугаар зүйл. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг

15.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага дараахь үүргийг гүйцэтгэнэ:

15.1.1.цагдаагийн байгууллагын үүргийг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

15.1.2.цагдаагийн байгууллагын ажлын уялдааг хангах, зохицуулах;

15.1.3.цагдаагийн бусад байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллах;

15.1.4.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

15.1.5.байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

15.1.6.цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад ажлаа тайлагнах;

15.1.7.хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаанд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлэх.

15.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагааныхаа тайланг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, оршин суугчдад, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд тавина.

16 дугаар зүйл. Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагатай харилцах

16.1.Засгийн газар санхүү, материал, техникийн хангамжийн хувьд цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

16.2.Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газар батална.

16.3.Цагдаагийн байгууллага нь Засгийн газар, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж үр дүнг тайлагнана.

16.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх журам тогтоож, түүний хэрэгжилтийг хангуулахыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд даалгана.

16.5.Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагатай харилцах талаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

16.6.Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна.

17 дугаар зүйл. Цагдаагийн албаны сургалтын байгууллага

17.1.Цагдаагийн алба хаагч, ажилтны мэргэжлийн бэлтгэл, давтан болон албаны сургалт явуулах сургалтын төвийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулж болно.

17.2.Мэргэжлийн бэлтгэл, давтан болон албаны сургалт явуулах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан төв нь албаны нохой ашиглах болон Галт зэвсгийн тухай хуулийн 10.4-т заасан болон гэрээт харуул хамгаалалтын сургалтыг төлбөртэй зохион байгуулж болно.

17.4.Энэ хуулийн 17.3-т заасан сургалтын төлбөрийн хэмжээг дотоод хэргийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

18 дугаар зүйл. Судалгааны төв

18.1.Цагдаагийн байгууллагын судалгааны төв дараахь чиглэлээр сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах үүргийг гүйцэтгэнэ:

18.1.1.цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох;

18.1.2.гэмт хэрэг, зөрчлийн ул мөр илрүүлэх, буулган авах, бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг нотлох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажил явуулах арга тактикийг боловсронгуй болгох;

18.1.3.зам тээврийн осол, хэрэг болон насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;

18.1.4.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулах чиглэлээр дүн шинжилгээ хийж, цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах;

18.1.5.цагдаагийн төв байгууллагын даргын даалгасан бусад.

18.2.Цагдаагийн байгууллагын судалгааны төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

19 дүгээр зүйл. Цагдаагийн байгууллагын байршил

19.1.Цагдаагийн төв байгууллагаас бусад цагдаагийн байгууллага, алба, нэгжийн байршил, байрны стандартыг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

20 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын удирдлага

20.1.Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

20.2.Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

20.3.Цагдаагийн төв байгууллага тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргатай байна.

20.4.Энэ хуулийн 20.3-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргаар цагдаагийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, нийтийн хэв журам хамгаалах, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

21 дүгээр зүйл. Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх

21.1.Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;

21.1.2.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

21.1.3.цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний болон эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;

21.1.4.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

21.1.5.гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох;

21.1.6.албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;

21.1.7.цагдаагийн байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;

21.1.8.цагдаагийн байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

21.1.9.цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

21.1.10.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

21.1.11.хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, мэргэшлийн зэрэг олгох;

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна