/ / Иргэдийн буруугаас 111 удаа гал гарчээ

Иргэдийн буруугаас 111 удаа гал гарчээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран нийслэлийн ногоон бүсэд эргүүл, хяналтыг тогтмол хийж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан өнөөдөр нийслэлийн ногоон бүсэд ажиллаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 147 зөрчил гарсныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Шалтгаант нөхцөлөөр нь үзвэл 111 нь иргэдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой буюу ил гал гаргаж, алдсаны улмаас үүдэлтэй байсан аж. Тиймээс бөөгийн зан үйл үйлдэх, зул асааж орхих зэрэг зөрчил гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас тогтмол анхааруулж байна. Мөн тус газраас өнгөрсөн хугацаанд 29 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 3000 орчим автомашиныг нийслэлийн ногоон бүсээс гаргасан байна. Энэ мэт урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх хүрээнд урамшуулалт эргүүлийг нэмэх шаардлагатайг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням хэллээ.

Ж.Батбаясгалан: Иргэд, төрийн байгууллага хамтран ажиллаж байж эрүүл, аюулгүй орчин бүрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод эргүүлийн тоог нэмэх, мэргэжлийн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Эрүүл, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэхэд төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид оролцож буй ч иргэд, олон нийт хайхрамжгүй, буруу үйл ажиллагаа явуулсаар байвал зөрчил буурахгүй. Дээрх 147 зөрчлийн 111 нь иргэдийн буруу үйл ажиллагаатай шууд холбоотой байгаа нь үүнийг илтгэж байгаа юм. Цар тахлын улмаас тогтоосон хөл хориог маргаашнаас сулруулж байгаа. Үүнтэй зэрэгцээд иргэд ногоон бүсэд аялж, амрах нь ихэснэ. Иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө аялж, амрахыг бид дэмжиж байгаа. Гэхдээ ногоон бүсэд хогоо хаяж, ил гал гаргахгүй байж, үер усны аюулаас сэрэмжлэх хэрэгтэй. Иргэд хогоо хаяж, мэргэжлийн байгууллагын албан хаагчид түүнийг нь цэвэрлэдэг байж болохгүй. Тиймээс болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлж, цэвэр цэмцгэр аялахыг Та бүхнээсээ хүсье. Ер нь аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал үүрэгтэй юм шүү гэдгийг онцолъё” гэсэн юм.
Ташрамд, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газрын албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах хүрээнд явуулын ажлын байр тус бүр нэгийг олгоод байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна